ТА хэнийг сонгох вэ? Сонгууль-2008 Дорноговь аймгийн тойргууд
2008 оны УИХ-ын сонгууль хаяанд иржээ. Төр түшилцэх эрхмээ ард түмэн та бид хэрхэн сонгохоос бидний амьдрал, цаашлаад улс орны хувь заяанд ихээхэн хамааралтай нь дамжиггүй билээ.
Таны сонголтонд нэмэр болох үүднээс бид УИХ-ын тойргуудад хэн гэгч ямар эрхэм нэр дэвшихээр зэхээд байгааг дугаар бүртээ мэдээлэх болно. Таны сонголт мэргэн байг.
ДОРНОГОВЬЧУУД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.БАТСУУРИЙГ ИРЭХ СОНГУУЛЬД ЯЛНА ГЭЖ “ПРОГНОЗДОЖ” БАЙНА.
Дорноговь аймаг УИХ-ын сонгуулийн ганц мандаттай. Догшин ноён хутагт Данзанравжаагийн өлгий нутаг болох тус аймаг нь 54 мянга гаруй хүн амтай, 14780 шахам өрхтэй. Төвийн бvсийн хөгжлийн гол тэнхлэг болсон хойд, урд хоёр гvрнийг холбосон төмөр зам дайран өнгөрдөг ба сумдын 42,8 хувь, хvн амын 54,8 хувь нь төмөр зам даган ажиллаж амьдардаг. Мөн олон улсын агаарын нислэгийн гол шугам дайран өнгөрдөг аж. Иймээс энэ нутгийнхан төмөр зам дагасан амьдралыг нь мэддэг тийм л хүнийг сонгох сонирхолтой байдаг. 2004 оны сонгуульд МАХН-аас Ц.Шаравдорж, “Эх орон-Ардчилал эвсэл”-ээс Пантийн Ганхуяг, МУНН-аас Гэндэнгийн Баянжаргал нар нэр дэвшиж Ц.Шаравдорж үнэмлэхүй ялалт байгуулж байв.
Харин 2008 оны сонгуульд МАХН-аас Ц.Шаравдорж, Ж.Батсуурь хоёрын хэн нэг нь МУНН-аас Г.Баянжаргал, “Эх орон” намаас П.Ганхуяг, ИЗН-аас У.Хүчитбаатар нар нэр дэвшэх магадлалтай байна. Одоогийн УИХ-ын гишүүн Ц.Шаравдоржийг нутгийнхан нь олон удаа итгэл хүлээлгэн тасралтгүй дэмжиж байгаа. “Элсний 13”-т орсноор МАХН-аас нэр дэвшихэд хүндрэлтэй байсан ч намын дарга нь солигдож С.Баяр болсноор ямар ч саадгүй нэр дэвших байх гэж ажиглагчид үзээд байна. Харин нутгийнхан нь Ц.Шаравдоржийг олон жил зөөлөн суудалд заларсан болохоор жирийн амьдрал мэдэхгүй болоод байгаа гэж дүгнээд байгааг нутгийн иргэд ярьж байсан. Харин энэ удаа түүний оронд аймгийн засаг дарга Ж.Батсуурийг Дорноговьчууд дэмжиж байгаа аж. Нутгийнхан түүнийг Ц.Шаравдоржийг залгах хүнээр бараг тодруулаад байгаа бөгөөд хамгийн рейтинг өндөртэй засаг дарга болсон нь ч үүнд том нөлөө болж байгаа гэнэ.
“Шинэ эрх чөлөө” сэтгүүлийн газраас бүх аймгуудыг хамарсан “Та аймгийн засаг даргаа УИХ-д сонгох уу” гэсэн асуултанд Дорноговь аймгийн засаг дарга Ж.Батсуурь 20.4 хувийн санал авч бусад аймгийн засаг ноёдоо тэргүүлсэн байна. Нутгийнхан түүнийг говийн амьдралыг сайн мэддэг, жинхэнэ номыг нь үзэж, ногоотой шөлийг нь ууж байгаа нэр дэвшигч гэж дэмжиж байгаа илэрхийлээд байгаа аж. МУНН-аас нэр дэвшигч Г.Баянжаргал нь одоо “Ижий Монгол” ХХК-ийн захирал бөгөөд нутгийнхан нь түүнийг улс төрч гэхээсээ бизнесмэн гэдэг утгаар нь авч үздэг. Г.Баянжаргалыг Дорноговьчууд мөрийн хөтөлбөрийг нь харж байж л болъё гэж харзнасан байдалтай байгаа ч ихэнх иргэд бараг хувийн тал руугаа улстөрийг сонирхсон хүн болов уу гэж дүгнээд байгаа юм Тэр үүднээсээ сонгогдох магадлал тэр багатай хүн. Гэвч Г.Баянжаргал 2004 оны сонгуульд өрсөлдөөд ялагдаж ирэх жил дахиад даагаа нэхэж байгаа бололтой. “Эх орон” намаас нэр дэвшигч “Говийн хөгжил” сангийн ерөнхийлөгч П.Ганхуяг мөн л 2004 онд нэр дэвшээд ялагдсан.
Мөн л сонгогдох магадлал багатай нэр дэвшигч бөгөөд Дорноговьчууд “Говийн хөгжил” санг дорвитой ажил хийдэггүй, зохион байгуулалт муутай газар гэж дүгнэдэг. Мөн удирдлагууд нь ч дээшээ албан тушаал ахих гэсэн санаатайгаас бус ард түмнээ гэх нь бараг үгүй, өнөө маргаашаа аргацааж ажилладаг гэж дүгнэдэг гэнэ. ИЗН-аас нэр дэвшигч Хан-Уул дүүргийн ИЗН-ын Хороон дарга У.Хүчитбаатар нь сонгогдох магадлал бараг үгүй. Учир нь Дорноговьчууд багаасаа гол ус дагасан хүн, говийн амьдралыг мэдэх нь битгий хэл ойлгох ч үгүй. Элс ус хоёр гэдэг эндүүрмээргүй эсрэг биетүүд болохоор энэ нэр дэвшигчийн хувьд элсний талаар ойлгох гэсээр байтал дөрөв байтугай дөчин жил өнгөрөх байлгүй гэцгээж байгаа гэнэ. Гэхдээ сайн мөрийн хөтөлбөр боловсруулж, өөрийгөө сурталчилж, ойлгуулж, итгэлийг нь олж байж чадсан нь сонгогддог. Эдгээр нэр дэвшигчидэд анхааруулахад говьчууд хамгийн бэрх нөхцөлд ажиллаж амьдардаг хахир, хашир хүмүүс. Тийм ч утгаараа тэд хүнийг өнгөцхөн харж биш өндийж байгаад нэвт хардаг улс. Өөрсдийгөө хэтэрхий дөвийлгөж өнөөдрийг биш өнө холын сургийг ярих тэдэнд таалагдахгүй л болов уу гэж хэлэх байна.
Өглөө орой /2007.10.29/ сониноос...
Сэтгэгдэл бичих